ЭРДЭНЭ ЗУУ ХИЙДИЙН ТҮҮХИЙН ТОЙМ
(1585-1940 он )
Их Монгол улсын нийслэл Хархорумын суурин дээр байгуулсан Эрдэнэ Зуу хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт буй. Эрдэмтдийн судалснаар Уйгурын Буху хааны үеийн хотын туурин дээр Хархорумыг байгуулсан бөгөөд Эрдэнэ Зуугийн хэрэм доторх хоёр чулуун арслан нь Уйгурын үеэс үлдэн хоцорсон дурсгал байж болно хэмээдэг. Мөн Эрдэнэ Зуугийн гол сүмийг барихдаа Уйгур улсын, эсвэл Их Монгол улсын Өгөдэй хааны үеийн бурханы шашны хуучин сүмийг сэргээн байгуулсан хэмээх санал байдаг. Монголын Их Юань улсын хаад Төвөдийн бурханы шашны Сажа (сакия) ёсны лам нарыг шүтэн өргөмжилдөг байжээ. Тогоонтөмөр хаан Хархорумыг сэлбэн барьсан бөгөөд түүний үргэлжлэл болох Тахай нэрт хуучин хотод хожим Абтай сайн хан сууж байв. Тийнхүү Монголд бурханы шашин нэвтрэн дэлгэрсэн эрт, дунд үеийн дурсгалууд Эрдэнэ Зуу хийдэд хадгалагдсаны зэрэгцээ тус хийд нь хожуу үеийн дэлгэрэлтийн түүхэн өв болсноороо онцлогтой. Эрдэнэ Зуу хийдийн нэр нь Монгол нутагт бурханы шашин дэлгэрсэн үеүдийг илэрхийлж байдаг юм.
“Эрдэнэ Зуу” нь санскрит болон төвөд гаралтай үгсийн нийлэмж мөн. “Эрдэнэ” нь “ратна” хэмээх санскрит үгнээс, харин “Зуу” нь “эрхэм дээд” гэсэн утга бүхий “жово” хэмээх төвөд үгсээс тус тус гаралтай байна. “Зуу” хэмээх энэхүү нэр томъёо нь үргэлжид Шагжамүни Бурхан багштай холбоотой ариун шүтээний утгыг илэрхийлж байдгийг дурьдахуйяа сонирхолтой санагдах биз ээ. Тухайлбал, бурханы шашны сүм хийд бүр Шагжамүни Бурхан багшид зориулсан сүмээ Зуу сүм хэмээн нэрийднэ.
Эрдэнэ Зуу хийдийн сүм, шүтээнүүд
Эрдэнэ Зуу хийдийн сүм, шүтээнүүд. XVI зууны II хагас үеэс Чингис хааны алтан ургийн хаад, ноёд Монгол оронд бурханы шашныг дэлгэрүүлжээ. Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз жалайр хун тайжийн ач Абтай сайн хан (1554-1588) 1581 онд Түмэдийн худалдаачдын хамт ирсэн ламаас шарын шашны тухай тодорхой зүйл сонсоод Түмэдийн Алтан хаанд элч илгээж Сажа ёсны Гамун нансу хэмээх ламыг залсны дараа 1586-1587 оны үед Хөх хотод хүрч Далай ламтай уулзав. Төвөдийн бурханы шашны нинма, гаржүд, сажа, гаадамба буюу гэлүг ёс буй бөгөөд тэдгээр хуучин шинэ салбарууд харилцан тэмцэлдэж байжээ. Улмаар 1585-1586 онд Абтай сайн хан Гол Зуугийн сүмийг бариулсан нь Халх дахь бурханы шашны анхны хийд болох Эрдэнэ Зуу хийдийн үндэс суурь болжээ. 1587 оны зуны дунд сарын 15-ны өдөр сүмийн нурууг босгосноос хойш гурван Зуугийн сүм, шүтээн зэргийг байгуулсны дотор эрхэм нь Гурван цагийн бурхан, Очирдара, Бадамжунай, Сажа бандида Гунгаажалцан (1182-1251), Гарма лам нар, Цогт Махагал, Лхам, Дөрвөн Махаранз, Сайн галавын мянган бурхан тэргүүтэн байв. Харин хожим залсан Гомбогүр сахиус нь Эрдэнэ Зуугийн эрхэм шүтээн юм. Дашрамд тэмдэглэхэд, Монголын Их Юань улсын үед Пагва ламын бүтээсэн Гомбогүр (Махагал)-ийг Цахарын ноёд 1629 он хүртэл шүтсээр байжээ.
1587 онд Далай ламын илгээсэн Сажа ёсны Лодойнямбуу хэмээх ламыг Эрдэнэ Зуугийн сүмд залж аравнай (“батад оршоох” буюу бурханы адистидыг оршуулах) үйлдүүлжээ. Сурвалжид ”бүтээсэн шүтээнүүдийн эрхэм нь Зуугийн гэгээний нь Далай
ламын өгсөн гайхамшигт чандмань эрдэнэ мэт бурханы шарил тэргүүтнийг залж” хэмээсэнтэй Эрдэнэ Зуу хэмээх нэртэй холбон тайлбарлаж болно.
Абтай сайн ханы дараа түүний хүү Эрээхэй мэргэн хан 2 сүм, 2 суварга бүтээлгэв. Тухайн үед тус сүмийн лам, хар шавь нар нэгэнт буй болсон байжээ. XVII зууны эхэн үеийн Халхын хууль цаазын дурсгалаас үзвэл, Халхын ноёд Эрдэнэ Зуу хийдэд чуулж, хууль цааз батлан гаргадаг байв. Тухайлбал, XVI зууны эцсээс XVII зууны эхэн үеийн Халхын ноёдын олон удаагийн чуулган Очир сайн хааны сүмийн өмнө болсон. Очир сайн хааны сүм гэдэг нь Эрдэнэ зуу хийдийг хэлж буй бөгөөд тэр цагт тус хийдийн цогцолбор бүрэн баригдаагүй, зөвхөн Абтай сайн ханы байгуулсан Гол Зуу болон тэрчлэн Зүүн Зуу, Баруун Зуугийн сүмүүд баригдаж дуусч байжээ.
Эрдэнэ Зуу хийдийн анхдугаар ширээт цорж бол Далай ламын илгээсэн Гүүш цорж (Шидэт гавж) бөгөөд тэрбээр бурханы шашны олон ном судар монголчилсон эрдэмт лам байв.
Тус хийд нь Түшээт ханы угсааныхны хийд тул тэдний ивээлд байв. Эрхэм шүтээн бүхий тус хийд байгуулагдсанаас хойшхи хагас зуун жилийн туршид Халхын сүм хийдийн дунд тэргүүлэх байр суурьтай байж сүсэгтэн олны гүн бишрэлийг хүлээв.
Эрдэнэ Зуу хийдийн хоёрдугаар ширээт цорж Санжайдашийн үед буюу 1635 онд Абтай сайн ханы ач Түшээт хан Гомбодоржийн хүү Өндөр гэгээн Занабазар мэндэлжээ. Далай лам, Банчин эрдэнэ нар түүнийг Төвөдийн Сажа ёсноос үүсэлтэй Жонан ёсны тэргүүн Дарнатын хойд дүр хэмээсэн бөгөөд тэрбээр 1647 онд Баруун хүрээ байгуулав. 1650 онд түүнд Жэвзүндамба хутагт цол шар торгон шүхэр хэрэглүүлсний дараа Өндөр гэгээн 1651 онд Төвөдийн Брайбун хийдийг дуурайн долоон аймаг (байнгын хурал мөргөл үйлдэх хэсэг), улмаар 1654 онд Хэнтий уулын өвөрт Номын их хүрээг байгуулсан нь тухайн үеийн дотоод, гадаад нөхцөл байдалтай уялдсан үйл явдал байжээ. 1653 онд Эрдэнэ Зууд Халхын ноёд Өндөр гэгээнд “Бат оршил” өргөсөн бөгөөд 1657 онд дахин “Бат оршил” өргөсөн үед их ерөөл хурж, Майдар эргэх ёслол хийв. Тухайн үед Өндөр гэгээн, Түшээт хан хоёр “Бат өлзий” хэмээх их гэрийг байгуулан Ганжуур тэргүүтэн ном уншиж тогтмол жасаа болгон хурах журам гаргажээ. 1657 онд Эрдэнэ Зуугийн ширээт цорж Санжайдаш удирдан Шигэмүни болон Манзуширийн сүм, хоёр суварга бүтээлгэв. Мөн Түшээт ханы түшмэл Гүүш дархан зайсан Эрэгсүмгомбын сүмийг бүтээж Өндөр гэгээнд өргөсөн. 1673 онд Өндөр гэгээн Төвдөд очиж V Далай ламаас Заябандида Лувсанпэрэнлэйн хамт ван жинан сонсож 1674 онд Төвөдөөс буцаж ирсний хойно Далай ламын сүм, Цамбын сүм зэргийг бариулжээ. Эх Ханджамцын суваргыг Өндөр гэгээн, Түшээт хан хоёр Эрдэнэ Зуугийн зүүн хойно байгуулав. 1681 онд Эрдэнэ Зууд Халхын ноёд Өндөр гэгээнд “Бат оршил” өргөсөн нь тус хийдийн байр суурь хэвээр байсныг илтгэнэ
Эрдэнэ Зуу хийдийн гуравдугаар ширээт цорж Лувсан-Одсэр их хэрмийн дөрвөн өнцөгт нэжгээд суварга бүтээв. Тэдгээр нь Эрдэнэ Зуугийн хэрмийн үндэс суурь болжээ. Мөн тэрбээр Абтай сайн хан, Түшээт хан Гомбодорж нарын бунханг бүтээлгэв.1701 онд Эрдэнэ цорж хэрмийг сэлбэн зассан бөгөөд 1705 онд Зуугийн сүм ба гадаад хэрмийг хуучран сэвтсэнийг зураач гэлэн Лувсанданзангаар засуулж дуусгаад Эрдэнэ цорж аравнай үйлджээ.
Эрдэнэ Зуугийн дөрөвдүгээр ширээт цорж Лувсанданзан (зураач гэлэн) 1706 оноос уг тушаалыг хашсан бөгөөд Авид бурханы сүм бүтээж Өндөр гэгээнд өргөжээ.
Эрдэнэ Зуугийн тавдугаар ширээт цорж Лувсанжанцан (Өндөр гэгээний хөхөлт эх Далай ээжийн асарсан хөвгүүн) 1718 онд Очирдарийн сүм, Ганжуур сэлтийг бүтээж 1719 онд Өндөр гэгээнд өргөсөнд сүмийн нэрийг “Төгсбаясгалант” хэмээжээ. 1725 онд хошуу сум салсан тул Зуугийн гурван сүмийг хуваан тахихад гол сүмийг II Богд Жэвзүндамба хутагт, Түшээт хан хоёр, зүүн сүмийг бэйл Шидшир (Сэдшир), баруун сүмийг засаг Баран нэг нэгээр тахиад Гомбогүрийг дөрвөн газраас жасаа болгон уншсан. Эдгээр сүмүүдийн тахилгыг дөрвөн хошуунаас дөчин өрх гарган үйлджээ. Эрээхэй мэргэн ханы Хонсимбодисадын зүүн сүмийг II Богд Жэвзүндамба хутагт, баруун сүмийг Түшээт хан, Майдар сүмийг бэйл тахиснаас гадна дөрвөн аварга дарцгийг босгов.1732 онд Манжийн хаанаас Эрдэнэ Зуу хийдэд мянган лан мөнгө шагнаж сүмийг шинэтгэн дотоод хэрмийг уудам болгохоор хэмжээлэн тогтоожээ. Тухайн үед Сэцэн хан аймгийн Цагаан даянч хэмээх гэлэн Лувсандогмид шавийн хамт Авид бурханы сүм зэрэг 6 сүмийг бүтээж II Богд Жэвзүндамба хутагтад өргөв.
Эрдэнэ Зуу хийдийн зургаадугаар ширээт цорж Лувсанцэдэн, Түшээт хан Түвдэндорж нарын үед буюу 1743 онд II Богд Жэвзүндамба хутагт Эрдэнэ Зууд заларсан тул Зуугийн сүмийг сэлбэн засав. Ширээт цорж лам Лувсанцэдэн, Шигэмүни бурханы сүмийг бүтээсэн.
Эрдэнэ Зуу хийдийн долоодугаар ширээт цорж Дагвадаржаа тавдугаар ширээт цоржийн бүтээсэн Очирдарийн сүмийг 1789 онд сэлбэн шинэтгэсэн бөгөөд Түшээт ханы хамтаар 200 хуврагийн дуган бариулж өдөр бүр цогчин хурах журам тогтоов. Мөн тэрбээр Манла, Махагал, Гомбогүрийн сүмүүдийг тус тус бүтээлгэж хурал хуруулсан төдийгүй 1763 онд Цогчин их дуган байгуулахаар III Богд Жэвзүндамба хутагтад айлтгаж зөвшөөрөл аваад 1770 онд гүйцээн бариулжээ. Улмаар Банчин эрдэнэд айлтган “Дамбаравжаалин” хэмээн нэр шагнуулав. Мөн онд уг дуганыг сайтар шинэрүүлэн шар үсгийн бичиг бичиж IV Богд Жэвзүндамба хутагтад ширээнд залсаны баярыг тохиолдуулан өргөжээ. Цогчин их дуган байгуулснаар бурханы шашны номын сургуулийг улам өргөжүүлэв. 1765 онд Манжийн хаанаас 1000 лан мөнгө шагнан гүн Сономчоймбол дааж Эрдэнэ Зууг сэлбэн засуулж дуусгав. Тухайн үед ван Санзайдорж, Ямандагийн сүм, Богд ламын сүм тус тус бүтээлгэжээ. 1768-1769 онд Эрдэнэ Зуу хийдийг засварлаж 1770 онд Их шавийн Ялгуулсан хутагт Жамбалдорж тэргүүтэй 100 гаруй хуврагууд аравнайлсан бөгөөд 1771 онд гүн Сономчоймбол Аюуш бурханы сүм бүтээж, Номч цоржоор аравнай өргүүлэв.
Номч цорж Дагвадаржаа Эрдэнэ Зуу хийд урьд Сажа ёсны Гомбогүр бурханыг тахиж ирсэн боловч уншлага судрыг бүрэн болгохоор Жанжаа хутагт Ролбийдоржид айлтгаж 1775 онд цогчин гэсгүй Лувсанчогдовыг Төвөдийн Сажа хийдэд илгээв. Сажагийн гэгээнээс Гомбогүр сахиусын ван жинанг авахуулж ирсэн хойно цогчин гэсгүйг Гомбогүрийн бүтээлийн ловон болгож тахиулжээ. Мөн ширээт цорж лам 1776 онд Хангайн уулын оройд их овоо байгуулж тахих номыг зохиосон бөгөөд Түшээт ханы хамт Банчин эрдэнэд айлтгаад “Бодь мөрийн зэргийг шамдах дацан хурваас сайн” хэмээснийг дагаж 1782 онд 50 хуврагтай Ламрин дацан(сургууль, эсвэл шүтлэг мөргөлийн газар)-г байгуулсан. Улмаар 1784 онд төвөд хэлбэрийн гурван давхар сүм бүтээлгэж ном уншуулан тус дуганд Гомбогүр сахиусыг тахив. 1786 онд цам бүжиг бүжиглүүлэхэд бэлтгэж Их хүрээний төвөд унзад аграмба Билэгт нансу гэлэн Равданг Эрдэнэ Зууд залж сургууль зохион Эрдэнэ Зууд цам үүсгэжээ.
Эрдэнэ Зуу хийдийн наймдугаар ширээт цорж Ишчүтэмпунцаг нь 1803 оноос уг тушаалыг хашив. Эрдэнэ Зуу хийдийн есдүгээр ширээт цорж Гончигжанцаны үед буюу 1871 онд Түшээт хан Насанцогт тэргүүлэн олноор Жүд дацанг байгуулсанд VIII Богд Жэвзүндамба хутагтаас “Дашгомон” хэмээн нэр шагнав. 1879 онд Түшээт хан нар тэргүүлэн Цанид дацанг байгуулж, хурал сургууль үйлдүүлэв. 1901 онд Түшээт ханы хошууны зурхайч лам гэлэн Ринчендорж, Түшээт хан Насанцогтын хойдын буянд Зурхай дацанг байгуулж ном уншуулж сургууль үйлдүүлжээ.
“Зарлигаар тогтоосон Монгол улсын шастир”-т Очирбат Түшээт сайн ханы хошууны анхны хувилгаан Балганшадавдорж (Дагвадаржаа)-д Банчин эрдэнэ, IV Богд Жэвзүндамба хутагтаас “Эрдэнэ Зуугийн ширээт Мэргэн хамба бандида” цол шагнасан бол түүний хувилгаан Ишчүлтэмпунцагт Банчин эрдэнээс “Эрдэнэ Зуугийн ширээт Мэргэн хамба гүүш Номч билэгт” цол, VII Богд Жэвзүндамба хутагтаас цорж ямба шагнав. Түүний хувилгаан Гончигжанцанд Богд Жэвзүндамба хутагтаас зургаан давхацлагатай магнаг олбог түшлэг, Нийслэл хүрээний Их дуганы гол мөрөнд суулгах Эрдэнэ Зуугийн цоржоос үүрд ахлуулан суулгах болсон. Монгол улсын Олноо өргөгдсөний тэргүүн онд Очирдара Богд гэгээнтнийг хаан өргөмжилж эрдэнийн сууринаа залсан учир зарлигаар хишиг тархаахад харавтар улаан жолоо, хамба ямба шагнан хүртээсэн. Бүр 1743 онд II Богд Жэвзүндамба хутагтыг Эрдэнэ Зуу хийд рүү явсанд Манжийн Тэнгэрийн тэтгэсэн хаан “Хутагт Эрдэнэ Зууд ёслоор одсугай гэвэл зүй нь миний зарлигийг хүлээвэл зохино…Огт айлтгаагүй бөгөөд бас хиа нарын ятгасан үгийг авахгүй, яаран одсон нь их л буруу болжээ” хэмээснийг Түшээт ханы хамааралтай холбон үзүүштэй. 1760 онд Богд Жэвзүндамба хутагтын хувилгаан түр зуур тодроогүй байсан үед Түшээт ханаас Дагвадаржаад “Номч цол” цорж шагнаж долдугаар ширээт ламаар өргөмжилж байв. Уг үйл явдал нь Эрдэнэ Зуугийн ширээт лам, Халхын Түшээт хан, Жэвзүндамба хутагт нарын өвөрмөц харилцаа байсныг илтгэнэ.
Эхэн үедээ Эрдэнэ Зуу хийдийн бурхан шүтээнүүдийг Төвөд, Хөх хотоос залж байсан бол Өндөр гэгээн Занабазар өөрийн мутраар Очирдара таван язгуурт найман мөнгөн суварга зэрэг олон шүтээн бурхадыг урлан Эрдэнэ Зууд өргөжээ. XVIII зууны сүүлчээр номч цорж Дагвадаржаа өөрийн шавь нарын хамтаар Жэвзүндамба хутагтын 16 дүр, Богд Зонхов, мянган нүдэт, мянган мутарт, арван нэгэн нүүрт Хонсимбодисадва, Хаянхярваа, Махагал, Гонгор, Жамбалжамц, Жанрайсиг зэрэг олон бурхадыг алт, мөнгө, гууль, туушаар урлан бүтээж байсан.



Эрдэнэ Зуу хийдийн лам нар, дацан сургууль. Тус хийдийн лам нарын тоо XVIII зууны сүүлийн хагас хүртэл хугацаанд 100-аас илүү гарч байгаагүй бөгөөд харин Номч цорж Дагвадаржаагийн үеэс лам нарын тоо 500-д хүрсэн байна. XVIII зууны эхэнд Халхын олон хошуу салж байгуулагдахад гурван Зуугийн сүмд Түшээт хан, Амбан жанжин ван, Бишрэлт гүнгийн гэсэн 3 хошууны лам нар суух болжээ. Дацангууд нь тусдаа захиргаа ба жастай байсан бөгөөд тэнд бурханы шашны их, бага таван ухааныг заан сургадаг байжээ. Эрдэнэ Зуу хийд нь Жүд, Цанид, Ламрин, Зурхай, Даданчойлин гэсэн дацангуудтай байв. Тус хийд 1892 онд Дархан цоржийн, Дашчойлин (500 хүртэлх лам), Дагданчойнхор (500 хүртэлх лам), Доржгомон (300 хүртэлх лам), Жанчивлан (250 орчим лам), Ёндон гүндэт (250 орчим ламын ихэнх хөдөө байдаг) хэмээх 6 аймагтай байсан. XIX зууны сүүлч үед Эрдэнэ Зуу хийдийн томоохон хуралд 49 бүрээ, 49 хэнгэрэг, 9 дуударам тоглогчид болон хонх дуугаргаж буй гэлэнгүүд нийтдээ 300 орчим байв. Майдар эргэх ёслол Их Хүрээнд 6 дугаар сарын 15-нд, Эрдэнэ Зуу хийдэд 9 дүгээр сарын 22-нд болдог байсан бөгөөд 1877 онд Их Хүрээнд болсон Майдар эргэх ёслолд 30 мянган лам, тэдгээрээс цөөнгүй сүсэгтэн олон оролцсон бол Эрдэнэ Зуу хийдийнхэд 10 мянган лам, 30 мянгаас илүү сүсэгтэн оролцжээ. 1918 оны үед Эрдэнэ Зуу хийд 1500 ламын данстай боловч 500 нь хийддээ байнга хурдаг бол бусад нь хөдөө гэртээ мал аж ахуйн ажил эрхлэн зөвхөн томоохон хурал ном, мөргөлийн болон баяр ёслолын үед хийддээ цугладаг байжээ. XVIII зууны эхэн үед Эрдэнэ Зуу хийдийн сүм дуган, аймаг дацан, хурлын газруудын хэрэглэл албадыг нийлүүлдэг нийт 30 гаруй жас байсан бол 1918 он болоход Эрдэнэ Зуу хийдийн эзэмшилд 3000 адуу, 1000 үхэр, 300 тэмээ, 50000 хонь, ямаа байв.
Тус хийд нь 1921 оны хувьсгалын дараа Богд хан уулын аймгийн Хангайхайрхан уулын хошуунд харьяалагдаж байгаад 1931 оны шинэ засаг захиргааны хуваарилалтаар Архангай аймгийн Лүн сумын захиргаанд шилжсэн. Тэр үед Эрдэнэ Зуу хийд нь 500 гаруй лам хуврагууд шавилан суусан 60 гаруй сүм дуган, 30 гаруй жастай байсан бол 1920-1930 оны үед Ардын засгийн газраас хэрэгжүүлсэн татварын бодлогоос хамаарч хөрөнгө хүч нь буурсаар байжээ.
Эрдэнэ Зуу хийд хэлмэгдүүлэлтэд өртсөн нь. 1937 оны байдлаар Эрдэнэ Зуу хийдийн 27 жас сангуудын сан хөрөнгө, сүм дуган, хэрэм хашаа бусад орлогод үнэ тооцож 32651 төгрөгийн албан татвар ногдуулсан бөгөөд Эрдэнэ Зуу хийдийн лам нарыг зэрэг зиндаа, шашны мяндаг цол, хөрөнгө чинээгээр нь дөрвөн зэрэгт хувааж цэргийн болон олз ашгийн татвар ногдуулж, түүнийхээ хэмжээг жил бүр өсөн нэмэгдүүлж байв. 1937 онд тус хийдийн 129 лам нараас цэргийн татварт 19425 төгрөг, 210 ламд олз ашгийн татвар 36150 төгрөг тус тус оногдуулж нийт 72221 төгрөгийн албан татвар хураан авсан бөгөөд бичиг үсгийн бүлгэм 7 ажиллуулж 158 лам хамруулан суралцуулжээ. Харин бүлгэмээс гадуур монгол бичиг бие даан суралцаж буй лам нар 55 байв. 1937 оны эхээр Эрдэнэ Зуу хийдээс зөвхөн 6 лам шинээр гавж, аграмбын мяндаг хүртсэн ажээ. Мөн сайн дураараа шар шувтлан, хар болсон лам нарыг албан татвараас чөлөөлөх, зээллэг олгох зэргээр урамшуулж байсан нь лам нарыг олноор хар болж хөдөө гарах нөхцөлийг бүрдүүлсэн.
Эрдэнэ Зуугийн ширээт цорж хувилгаан Гончигжанцанг 1931 онд Төвөдийн Банчин богдыг Монголд ирүүлэх буюу IX Богдыг тодруулах тухай цуу яриаг олон түмэнд ярьсан хэмээн хилс хэрэг тулган 7 жилийн хорих ялаар шийтгэв. 1937 оны 9-10 дугаар сараас Эрдэнэ Зуугийн лам хуврагуудыг олноор нь баривчилж, Ёнзон хамба Лувсанхаймчиг, дэд хамба Дамдин нараар толгойлуулсан “Хувьсгалын эсэргүү төв хэмээх эсэргүү байгууллага”-ын орон нутгийн салбар бүлгийн гишүүд хэмээн ял тулган, улмаар Эрдэнэ Зуу хийдийн хувилгаан цорж Гончигжанцан ба түүний дүү гавж Ядамсүрэн нарыг “хувьсгалын эсэргүү бүлгийн толгойлогч” хэмээн зарлаж баривчлан удаа дараа байцаасны эцэст 1937 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Онц бөгөөд бүрэн эрхт комиссын 5 дугаар хурлаас хуулийн дээд хэмжээгээр шийтгэж хувилгаан цорж ламтанг цаазаар авчээ. Тус хийдийн 200 орчим лам нарыг Гончигжанцангийн хувьсгалын эсэргүү бүлгийн идэвхитэй гишүүн хэмээн тэдний олонхид хуулийн дээд хэмжээ оноож үлдсэн цөөн хэсгийг олон жилийн хорих ялаар шийтгэв. 1936 онд Эрдэнэ Зуу хийд 550 гаруй лам хуврагтай байсан бол 1938 оны эхээр их баривчилгааны дараа 64 лам үлдсэн байжээ. Удалгүй үлдсэн цөөн лам нар хар болж энгийн амьдралд шилжсэнээр Эрдэнэ Зуу хийдийн үйл ажиллагаа зогссон. Эрдэнэ Зуугийн есдүгээр ширээт цорж Гончигжанцантай хамт сүүлчийн Түшээт хан лам Дамдиндорж цаазлагдсанаар монголчуудын бурханы шашны нэгэн төв Эрдэнэ Зуу хийдийн 350 жилийн түүхэн уламжлалын үр нөлөө түр тасалдахад хүрчээ.
Өмнө дурдсаныг товчилбол, XVI зууны II хагас- XVII зууны эхэн хагас үеийн Очир сайн хааны сүмийн өмнө Халхын ноёд чуулдаг байсан бөгөөд Халхын тэргүүлэх тус сүмд номын сургууль эхлүүлжээ. XVII зууны II хагас- XVIII зууны сүүлч үед олон сүм, цогчин их дуган байгуулж тус хийдэд номын сургуулийг өргөжүүлсэн. XIX зууны эх- XX зууны эхэн үед дацан сургуулиуд нэмэгдэж, хийд хүрээ буюу төв суурины шинжтэй болжээ. 1920-иод оноос 1940-өөд оны үед тус хийдийн лам нарын тоог цөөтгөн, улмаар хэлмэгдүүлснээр хурал номын үйл ажиллагаа тасалдсан бөгөөд 1944-1965 онд Эрдэнэ Зуу хийдийг засварлаж улсын хамгаалалтад авснаар түүхийн дурсгалт газрын хувьд тусгайлан судалж байв.
Эрдэнэ Зуу хийд нь эртний нүүдэлчдийн улсуудын төрт ёс, шашны уламжлал, Чингис хааны хойчсын байгуулсан Хархорумын залгамжлал, бурханы шашинтны эрхэм шүтээний орон болсон утгаараа монголчуудын түүх, соёлын үнэт өв юм.