Захиралын мэндчилгээ
Бидний өвөг дээдэс олон зууны туршид өөрсдийн амьдралын баялаг түүхийг бүтээх явцдаа өвөрмөц соёл, иргэншлийг цогцлоож түүнийгээ үр хойчдоо өвлүүлэн өгсөн ард түмэн билээ. Өвөг дээдсийнхээ бүтээсэн түүх, өв соёлыг хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, гадаад дотоодын үзэгчдэд сурталчлан таниулах нь бидний эрхэм үүрэг билээ.
Эрдэнэ Зуу нь түүхэн дурсгалт Орхоны хөндийд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын суурин дээр сүндэрлэн боссоноос хойш эдүгээ хүртэл XVI-XX зууны үеийн монголын шашин, түүхийн гэрч болон 430 гаруй жилийн хугацааг туулж өнөөгийн бидэнд өвлөгдөн ирсэн түүх, соёлын хосгүй үнэт өв юм.
Эрдэнэ Зуу музейн сан хөмрөгт Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын дэг сургууль хийц болон монгол уран дархчуудын бүтээсэн бурхан шүтээн, эд өлгийн зүйлс хадгалагдаж байна.
Бид цахим хуудсаараа дамжуулан музейн үйл ажиллагаа, мэдээ мэдээллийг цаг тухай бүрийг хүргэж байх болно.
Та бүхэн Эрдэнэ Зуу музейд тавтай морилно уу.
ЭРДЭНЭ ЗУУ МУЗЕЙН ЗАХИРАЛ Н.ТӨМӨРБААТАР